Орхон аймаг сүүлийн жилүүдэд орон нутгийн төсвөөр түрээслээд өмчлөх орон сууц барьж, түүндээ гэр хороололд амьдардаг залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настнуудыг хамруулж байгаа аж. 2019 оны байдлаар л гэхэд нийт 315 айлтай түрээслээд өмчлөх орон сууцны хотхон барих ИТХ-ын шийдвэр гарч байв. Шийдвэр 2023-2025 онд биелж, айлууд эхнээсээ байрандаа ороод эхэлсэн.
Нийт байрны 30 хувийг нь худалдан борлуулж, үлдсэнийг нь мкв тутмыг нь 4500 төгрөгөөр түрээслээд өмчлөх боломжтой юм.
Зөвхөн энэ 315 айлын орон сууцнаас гадна Орхон аймагт түрээслээд өмчлөх орон сууцны сан байгуулсан бөгөөд энэхүү сангийн орон сууцнуудаас зорилтот бүлгийн иргэдэд түрээслээд өмчлөх орон сууцыг өгдөг аж.
Энэ нь хүн амын төвлөрөл нэмэгдэж, суурьшлын бүсээ тэлж буй Эрдэнэт хотод тустай шийдвэр.
Гэвч сайны хажуугаар саар гэгчээр эрх баригчид түрээслээд өмчлөх болон төрийн өмчийн байрнуудыг нэгэндээ бэлэг сэлт болгон өгөх, ах дүү хамаатан садангаа оруулах зэрэг асуудал гарч байна.
Орхон аймгийн ИТХ нь нийт 41 мандаттай бөгөөд өнгөрсөн сонгуулиар МАН 21 суудлаар ялсан.
Тэгвэл одоо ИТХ-д сууж буй төлөөлөгч нар болон олон жил Орхон аймгийн МАН-ыг удирдсан УИХ-ын гишүүн Д.Батлуттай холбоотой хүмүүс төрийн өмчийн байрыг үнэгүй өмчилж авсан баримтыг дэлгэж байна.
УИХ-ын гишүүн Д.Батлут тэргүүтэй Эрдэнэтийн МАН-ынхан нийт 32 байрыг нэгэндээ бэлэглэж, хамаатан саднаа оруулах зэргээр үнэгүй хувьчилжээ.
Байрыг хувьчилж өгөхдөө, Орхон аймгийн харьяат хүмүүсээ оруулахын зэрэгцээ Улаанбаатарын иргэн, Булган аймгийн иргэдэд ч өгсөн байна. Түүнчлэн байр хувьчилж авсан хүмүүс байраа зарсан тохиолдол гарсан. УИХ-ын гишүүн Д.Батлутаас шинэ байр бэлгэнд аваад хуучин байраа зарж, Д.Батлутын сонгуулийн хандивт өргөсөн жишээ ч байгаа юм.
Энэ үйлдлүүдийг нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг хэмээн хардаж болохоор.
Д.Батлутын эхнэрийн хамаатан Ж.Галбадрах
Ж.Галбадрах нь УИХ-ын гишүүн Д.Батлутын эхнэрийн хамаатан. Эрдэнэт хотын 4-18 дугаар байрны ** тоотыг түүнд хувьчилж өгчээ. Зураг
Б.Түмэндэмбэрэл нь УИХ-ын гишүүн Д.Батлутын жолооч хийж байсан МАН-ын гишүүн юм. Тэрээр Орхон аймгийн Социал демократ монголын залуучуудын холбооны дэд тэргүүн, Эрдэнэт хот дахь Монголын цахилгаан холбоо ХК-ийн салбарын дарга хийж байсан. Түүнд Эрдэнэт хотын 1-21 дүгээр байрны ** тоотыг хувьчилж өгчээ.
УИХ-ын гишүүн Д.Батлут нь УИХ-д “Эрдэнэтийнх” гэдэг нэртэй ч 1974 онд Архангай аймгийн Хашаат суманд төрж, Архангай аймагтаа ерөнхий боловсрол эзэмшсэн байдаг. Тэрээр 1990-ээд онд Орхон аймагт шилжин иржээ. Тэгвэл Эрдэнэт хотын 1-21 дүгээр байрны ** тоотыг хувьчилж авсан М.Ууганбаяр нь Архангайнх бөгөөд Д.Батлутын нутгийн дүү юм. Тэрээр Архангай аймагт арван жилээ төгсөж ирээд, Эрдэнэт хотын Маргад дээд сургуулийг төгссөн. Түүний хувьд Эрдэнэтийн ДЦС-ын захирал Л.Эрхбаатар захирлын туслахаар ажилд орж, тушаал ахин хүний нөөцийн менежер болжээ.
УИХ-ын гишүүн Д.Батлут нь 2016-2020 онд Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Энэ үед түүний туслах хийж байсан Б.Мөнхбаяр нь 2019 онд Евро Эко төгөл хотхоны 5-р байранд 71.8 мкв 3 өрөө орон сууцыг хувьчилж авчээ. Евро эко хотхонд Чех Улсын “FINE EP” компани хөрөнгө оруулж “Их хаадын цуваа” ХХК-ийн гүйцэтгэж буй “Евро Эко Төгөл” хороолол төслийг хэрэгжүүлэхийн тулд орон нутаг газрыг үнэ төлбөргүй олгож, инженерийн шугам сүлжээний зардалд улсын төсвөөс 5 тэрбум төгрөг зарцуулсан юм.
Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбат нь Евро эко төгөл хотхоны 8-р байранд 71.8 мкв байрыг хувьчилж авчээ. Гэхдээ өөрийн нэр дээр биш эхнэрийнхээ дүү Эрдэнэсүрэн, Мөнхзаяа нарын нэр дээр авсан байна. Түүний эхнэр нь Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-д нярав хийдэг. Хамгийн сонирхолтой нь тэрээр 2016 онд Д.Батлутын сонгуулийн зардалд 6-р микрийн 3 өрөө байраа зарж хандивлаж байжээ. Үүгээр зогсохгүй дахин Эрдэнэт хотын Их хаадын цуваа хотхонд 3 өрөө байр авсан байна.
УИХ-ын гишүүн Д.Батлутыг 2016-2020 онд Орхон аймгийн Засаг даргаар ажиллах үед туслахаар нь нэг жил ажиллаад байраар шагнуулсан. Энэ байр нь Эрдэнэт хотын 4-18 дугаар байр юм. Тэрээр Д.Батлутын туслах байхдаа нэрийг нь барьж буудалд хүлээн авалтын ширээ, өрөө бэлтгүүлж найз нартайгаа ууж асуудал тариад ажлаасаа халагдаж байжээ. Түүний хувьд авсан байраа иргэн Наранбаатарт 40 саяар заржээ.
Д.Батлутыг аймгийн Засаг даргаар ажиллаж байх үед жолоочоор ажиллаж байсан Б.Мягмарсүрэнд Эрдэнэт хотын 4-18 дугаар байранд ** тоотыг хувьчилж өгчээ.
Б.Оюун-Эрдэнэ нь Д.Батлутыг Орхоны Засаг дарга байхад хэвлэлийн төлөөлөгчөөр нь 4 жил ажилласан. Дараа нь Д.Батлутыг УИХ-ын гишүүнээр сонгогдох үед бие төлөөлөгчөөр нь ажиллаж байсан билээ. Тэрээр одоо Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй бөгөөд Эрдэнэт хотын 1-21 дүгээр байрны ** тоотыг хувьчилж авсан. Энэхүү байраа 40 сая төгрөгөөр Гүнчинсүрэн хэмээх хүнд заржээ.
Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Гомбонасангийн Эрдэнэбатын төрсөн ах Г.Эрдэнэбаярт Эрдэнэт хотын 1-21 дүгээр байрны ** тоотыг хувьчилж өгчээ.
Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан тэрээр Эрдэнэт хотын 3-3 дугаар байрны ** тоотыг хувьчилж авчээ. Уг нь тэрээр Эрдэнэт хотын 2-26 дугаар байранд байртай ч энэхүү байрыг авсан байна.
Үргэлжлэл бий…
Сэтгэгдэл үлдээх
Батлутын хүн гээд 40хүн гокд ажилд орсон гдг байсны нэг нь ээжийн маань хөршийн охин. Батлутыг эрдэнэтийн оюутны холбооны дарга бх үеэс холбоотой бсан хүн , мөн аз хотхонд 1өрөө өгч бсан шүү
Zochin
Дэмжих үү?
0 0