УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын хамаарал бүхий Өргөө 2 кино театр нь Мэдээлэл технологийн үндэсний паркийн байранд үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэгвэл уг кино театрыг эзэмшдэг Нью Тур Сафарис ХХК нь МТҮП-тай байгуулсан түрээсийн гэрээ 2022 оноор дууссан байхад үйл ажиллагаагаа явуулаад зогсохгүй 2600 м2 газрыг зах зээлийн ханшаас доогуур буюу м2-ыг нь 8000 төгрөгөөр түрээсэлж байжээ.
Энэ талаар МТҮП-ийн захирал Ж.Золзаяа анхлан мэдээлсэн бөгөөд Нью Тур Сафарис ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний асуудлаар шүүхэд хандсан ч 9 удаа хойшилсон гэдгийг хэлсэн юм. Тэгвэл уг хэргийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар Иргэний хэргийн анхан шатны шүүхээр өчигдөр хэлэлцэж, МТҮП-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.
Тодруулбал, шүүхээс Мэдээллийн технологийн үндэсний парк өөрийн байрыг буцаан авах нь зүйтэй гэж шийдээд Өргөө 2-ыг албадан чөлөөлөхөөр болсон байна. Ж.Золзаяагийн мэдээлснээр шүүхийн шийдвэр бичгээр 14 хоногийн дараа албажиж гарсны дараа Нью Тур Сафарис ХХК давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эсэхээс шалтгаалж маргаан цааш яах нь тодорхой болох аж.
Сэтгэгдэл үлдээх