MCS группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал ажилчдынхаа дотоод сүлжээнд олон нийтийн дунд яригдаад буй асуудлуудад хариу өгсөн бичлэг байршуулжээ. Уг бичлэгт дараах зүйлийг ярьсан байна.
Тэрээр "Бид урдах ажлаа хийгээд л явж байдаг хамт олон. Сүүлийн үед тодорхой бүлэг хүмүүс зохион байгуулалттайгаар үнэхээр манай компанийн нэр хүндийг харлуулах ажил хийлээ. Бид бол нийгмийг талцуулаад, өдөөгөөд яах вэ гэж бодоод тэвчээртэй хүлцэнгүй байгаад байлаа. Гэтэл чимээгүй байгаад байх тусам буруутай ч юм шиг ойлголт өгөх юм шиг байна. Бид үүнд харамсаж байна. Бид бүтээж буй зүйлсээ зохион байгуулалттай юмны эсрэг хэрүүл хийж байгаа юм шиг болгох сонирхол байхгүй. Гэхдээ хүмүүс аль зөв зүйтэй, аль буруу вэ гэдгийг ялгаж салгана гэж найдаж байна.
Хальт харж байхад Ухаахудаг ордын асуудал яригдаж байна. Бид 15, 16 жилийн өмнө Засгийн газрын том ажлын хэсэг гараад 4 сар хэлэлцээр хийж байж, хуулийн дагуу лицензээ авсан. Бид хууль дүрэм зөрчөөгүй.
Мөн бид хуулийн дагуу сонгуульд нэр дэвшигчдэд хандив өгсөн. Үүнийг хууль бус мэт ярьж байна. Мөн жагсаал зохион байгуулсан, троллын армитай зэргээр хэлж байна. Яасан ч завтай юм. Бидний огт хийгээгүй юмыг хийсэн юм шиг арай л дэндүү гүтгэж байна. Биднийг Гашуунсухайтын төмөр замыг эсэргүүцлээ гэж байна. Хүмүүс бүгд энэ төмөр замыг хүсэж байгаа шүү дээ. Энэ төмөр замыг дэмжээгүй зүйл байхгүй. Засаг төр тогтвортой байж байж улс орон хөгжинө" гэжээ.
Сэтгэгдэл үлдээх