Энэ долоо хоногт сүр дуулиантай тангараг өргөсөн АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд ирсэн даруйдаа өмнөх засаглалын үед гаргасан шийдвэрүүд, хийж байсан ажлуудыг өөрчлөх хэдэн арван шийдвэрийг танилцуулсан. Энэ шийдвэрүүд ирэх сарын 19-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Гэвч Ерөнхийлөгчийн гаргасан зарлиг тушаалууд хэрэгжиж эхлэхээсээ өмнө хуулийн хэд хэдэн заалт зөрчиж маргаан дагуулаад байна. Хэвлэлийн AP агентлагийн мэдээлснээр одоогийн байдлаар таван зарлиг хууль ёсонд нийцэхгүй хэмээн үзэж шүүхэд зарга үүсээд байгаа юм. Тэдгээрийн нэг болох АНУ-ын газар нутаг дэвсгэрт төрсөн гадаад иргэний хүүхдэд иргэний харьяалал олгодог явдлыг хориглосон зарлиг тушаал юм.
Нэгдсэн улсын холбооны шүүх Д.Трампын энэхүү зарлигийг үйлчлэх хугацааг 14 хоног хойшлуулах шийдвэр гаргалаа. Тэгвэл Сиэтл хотын холбооны шүүгч Жон Кауфенур АНУ-ын нутаг дэвсгэрт мэндэлсэн цагаачдын хүүхдүүдэд иргэншил олгохоос татгалзах шийдвэр нь Үндсэн хуулийг илт ноцтойгоор зөрчсөн үйлдэл болно гэж үзжээ. Тиймээс шүүгч Жон Кауфенур Д.Трампын уг зарлигт түр хориг тавьсан байна. Энэ зарлиг нь Үндсэн хуулийн 14-р нэмэлт өөрчлөлтийг илт зөрчиж байна хэмээн шүүхэд зарга үүсээд байгаа юм.
Иргэний эрхийг хамгаалах байгууллагууд болон Вашингтон, Аризона, Иллинойс, Орегон зэрэг 22 мужийн эвсэл шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Үндсэн хуулийн 14-р нэмэлт өөрчлөлтөд “АНУ-д төрсөн бүх хүн, АНУ-ын иргэн байна” гэж заасан байдаг. Хуульчид үүнийг эцэг эхийн иргэншлийн статус хамааралгүйгээр, АНУ-ын нутаг дэвсгэр дээр төрсөн иргэншил авах бүрэн эрхтэй хэмээн байр сууриа илэрхийлцгээж байгаа юм. Ийм учраас холбооны шүүгч Жон Кауфенурын шийдвэр шүүх хэргийг хууль ёсны дагуу шийдвэрлэх хүртэл гүйцэтгэх зарлиг хэрэгжихээс урьдчилан сэргийлж байна. Мөн тэрбээр Д.Трампын иргэншлийг үгүйсгэх тухай гүйцэтгэх зарлигийг “Үндсэн хуулийн эсрэг илэрхий үйлдэл” хэмээн онцлон мэдэгдсэн. Энэ асуудал шүүхийн шат дамжлагаар үргэлжилж, АНУ-ын Дээд шүүхэд хүрч магадгүй ажээ. Өмнө нь Нэгдсэн улсын Дээд шүүх болон Конгресс уг иргэншлийн эрхийг үргэлж хамгаалсаар ирсэн бөгөөд Үндсэн хуулиас давсан аливаа үйлдлийг эрс няцааж, зөвхөн хульд захирагдах зарчмыг баримтлах ёстойг анхааруулсан юм.
Харин Д.Трамп түр хоригийг хүлээж авахаас татгалзаж, шүүхэд давж заалдан заргыг авахаар хуулийн багаа ажиллуулаад эхэлсэн байна.
Сэтгэгдэл үлдээх