2024 он: Спортын онцлох ТАВАН үйл явдал

.Graph
2024-12-31

Graph.mn сайт өнгөрч байгаа 2024 оны Монголын спортын салбарын "ОНЦЛОХ ТАВАН ҮЙЛ ЯВДАЛ"-аар дараах амжилтуудыг нэрлэж байна .

Ази, Дэлхийн аварга, Олимпын мөнгөн медальт МУГТ Б.Баасанхүү

Хөвсгөл аймгийн харьяат, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин МУГТ Б.Баасанхүүгийн хувьд 2024 онд амжилтаар арвин байж тивийн аваргын алт, азийн наадмын алт, их дуулгын алт, дэлхийн аваргын алт “Парис-2024” зуны олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48кг жинд мөнгөн медаль тус тус хүртсэн юм.

Б.Баасанхүү олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэнээр 2024 оны есдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат тамирчин цол хүртэхээс гадна оны төгсгөлд дээрх гаргасан амжилтаараа “Бөртэ-Чоно”-ын шилдгийн шилдэг тамирчнаар тодорч шилжин явах цомын эзэн болсон.

Паралимпын наадмын Монголын багийн анхны эмэгтэй аварга, хамгийн залуу хөдөлмөрийн баатар
Монголын баг тамирчид "Парис-2024" паралимпын наадамд 12 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, нэг алт, гурван мөнгөн медаль хүртсэн нь Монголын паралимпын спортын түүхэн дэх хамгийн өндөр амжилт байсан юм. Таэквондогийн төрөлд У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ мөнгө, бөөрөнцөг түлхэлтээр Ц.Баттулга мөнгө, пауэрлифтингээр Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртсэн билээ. "Парис-2024" паралимпын наадмын эхний өдөр Монголын баг тамирчдаас паралимпын анхны эмэгтэй аварга төрж, ДАШТ-ий хүрэл, Ази тивийн аварга, “Ханжоу-2022” Азийн наадмын мөнгөн медальт, Паралимпын шигшээ багийн тамирчин У.Сүрэнжав таэквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд түрүүлснээр паралимпын наадмын түүхэн дэх Монголын анхны эмэгтэй аварга, гурав дахь алт, тав дахь медалийн эзэн болж байна. Паралимпын анхны алтан медалийг Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав "Бээжин-2008" паралимпын наадмаас хүртэж байсан бол Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ "Токио-2020" паралимпын наадамд түрүүлж байсныг дурьдах зүйтэй.

У.Сүрэнжавын паралимпын наадамд гаргасан амжилтыг үнэлэн 2024 оны есдүгээр сард Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Сүхбаатарын одонгоор шагнасан билээ.

Дэлхийн аваргаас долоон медаль хүртсэн анхны монгол тамирчин төрлөө

Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэг их спортоос зодог тайлах шийдвэрт хүрч байгаагаа Дэлхийн аваргын долоо дахь медалийг эх орондоо авчирсан бахархам амжилтынхаа араас дуулгалаа. М.Анхцэцэг спортын карьерынхаа 17 жилийн хугацаанд 3 олимп, 8 удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, зөвхөн Дэлхийн аваргаас 7 медаль хүртжээ. (ДАШТ-ий он цагаар буюу эцсийн амжилтаар 5, медалийн үзүүлэлтээр 7 медаль)

1. 2017 оны ДАШТ - Хүрэл (Огцом өргөлт)
2. 2019 оны ДАШТ - Хүрэл (Огцом өргөлт)
3. 2021 оны ДАШТ - Алт (Нийлбэр дүнгээр)
4. 2021 оны ДАШТ – Мөнгө (Огцом өргөлт)
5. 2021 оны ДАШТ - Мөнгө (Түлхэлттэй өргөлт)
6. 2022 оны ДАШТ - Мөнгө (Түлхэлттэй өргөлт)
7. 2024 оны ДАШТ - Мөнгө (Огцом өргөлт)

Монгол улсын 10 дахь дархан аварга тодорлоо

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд улс, аймаг, сумын 512 бөх зодоглосноос Увс аймгийн Ховд сумын харьяат, Монгол Улсын даян аварга Намсрайжавын Батсуурь улсын залуу арслан Б.Орхонбаяраар ес даван түрүүлж дархан аварга болсон билээ.

Тэрбээр 2014, 2018, 2019 онд түрүүлж байсан бол таван жилийн дараа дөрөв дэх түрүүгээ авсан нь энэ юм. Өдгөөгөөс 10 жилийн өмнө дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар Ерөнхийлөгчийн зарлигаар энэхүү цолд хүрч байсан. Тэгвэл 10 жилийн дараа Монгол Улсын 10 дахь дархан аварга цолтон тодорсон нь Н.Батсуурь билээ.

CS-ийн түүхэн дэх азийн бүх цаг үеийн номер нэг баг “МONGOLZ”

Саяхан л Монголчуудад цахим спортын "Counter Strike" төрлийн Мэйжорын эрх авах нь биелэгдэшгүй даалгавар юм шиг санагдаж байсан бол одоо Монгол баг Мэйжорт түрүүлэх хол биш юм шиг санагдаж байна. Бидний үзэж, харж, биширч буй энэ "The MongolZ"-ийн бүрэлдэхүүн ямар ч маргаангүй Азийн бүх цаг үеийн хамгийн шилдэг баг гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн.

Тэд 2024 онд Олон улсын дөрвөн ч тэмцээнд түрүүллээ. "ЕXTREMESLAND"-аар эхэлсэн тэдний ялалтын цуврал эх орондоо "MESA: Nomadic Masters"-аар үргэлжилж, "YaLLa Compass"-аар бүл нэмж, эцэст нь Берлинд "Thunderpick World Championship 2024"-ээр өндөрлөв.

"The MongolZ"-ийн тэмцээний шагналаас хүртсэн мөнгөн дүн 1 сая ам.доллар хэдийн давжээ. Хамгийн гайхалтай нь тэд Шанхайд болсон Мэйжороор гайхалтай амжилтыг үзүүлж, плей-оффын шатанд шалгарсан анхны Ази баг болсон. Бүр түрүүлэх ч боломж байсан хэдий ч өмнө нь хожсон Германы "MOUZ"-ийг яг чухал үе хожиж чадаагүй юм. Гэхдээ тэд өмнө нь ямар ч Ази багийн хүрч чадаагүй оргилд гарч чадсан.

Цахим спортын "CS2" төрөлд дэлхийн чансааг тодорхойлдог хоёр гол байгууллага бий. Нэг нь тус тоглоомыг хөгжүүлэгч "Valve"-ийн чансаа байдаг бол нөгөө нь энэ тоглоомын хамгийн том мэдээллийн платформ болох "HLTV"-ийн чансаа. Монголын "The MongolZ" баг "HLTV"-ийн чансаагаар долдугаарт, "Valve"-ийн чансаагаар "The MongolZ" дөрөвдүгээрт бичигдэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe