Х.Нямбаатар: "Бөөрөлжүүтийн 150 МВт цахилгаан станцын туршилтын галлагааг энэ сарын 25-ны орой 09:00 цагаас хийж эхэлсэн бол төвийн эрчим хүчний системд цаад тал нь энэ сарын 29-нд эрчим хүчийг нийлүүлэхээр төлөвлөсөн. Тэгвэл төлөвлөсөн хугацаанаасаа өмнө эрчим хүчийг нэгдсэн системд нийлүүлж чадлаа. Ингэснээр өвлийн оргил ачааллын үеэр цахилгааны хязгаарлалт хийхгүй байх боломж бүрдэнэ. Мөн Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд арванхоёрдугаар сарын 13-наас эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Тус станц эрчим хүчний хэмнэлттэй горимоор буюу шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, оргил цагт ачаалал хуваалцаж байгаа онцлогтой” гэв.
Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн үе шаттайгаар баригдаж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг нийт дөрвөн блок бүхий 600 МBт хүчин чадалтай барихаар төлөвлөж буй. Эхний блок ийнхүү төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн бол Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг 2025 онд ашиглалтад оруулна. Хоёр блок бүхий 300 МВт цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллахад жилд 2.1 тэрбум хүртэл кВт цахилгаан үйлдвэрлэх боломжтой юм.
Сэтгэгдэл үлдээх