Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хурдан морины шагнал гардуулах үеэр дааганы цолыг дуудаж, олны хайрыг татсан Т.Тэмүүлэн хүүг "Оны онцлох хүүхэд"-ээр тодруулжээ.
Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул, өдгөө аймгийнхаа Номгон ахлах сургуулийн долоодугаар ангид суралцаж байгаа түүнийг монгол ёс, түүх соёлыг өвлөн уламжлагч номинацид улсын хэмжээнд шилдгээр шалгаруулсан байна.
Хоёр жилийн өмнөөс морины цол дуудаж эхэлсэн Т.Тэмүүлэн хүү энэ онд олон уралдаан тэмцээнд оролцож түрүүлснээс гадна сум, орон нутгийнхаа баяр наадмуудад 100 гаруй бүх насны морины цолыг дууджээ.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хамтран 32 дахь жилдээ уг арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа бөгөөд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, биеийн тамир, спорт, байгаль хамгаалал, монгол ёс, түүх, соёлыг өвлөн уламжлагч, хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлстэн, хүүхдийн оролцооны байгууллагын манлайлагч хүүхэд, техник сэтгэлгээ, шинэ санаачилга, багийн амжилт гэсэн 10 төрөлд үндэсний хэмжээнд 1678 хүүхэд өрсөлдсөнөөс үе тэнгийнхнээ манлайлсан 74 хүүхэд ийн шалгарсан байна.
Сэтгэгдэл үлдээх