Хүүхэд зодсон багшийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Ж.Номин
2024-12-24

Цагдаагийн байгууллагад 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр  00 цаг 10 минутад иргэнээс “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын  сургуулийн бага ангийн багш М нь ангийн хүүхдээ зодсон байна”  гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулсан.

Шалгалтын явцад тус сумын сургуулийн бага ангийн багш М нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 3 дугаар ангийн сурагчдад хичээл заах явцдаа "заасан хичээлийн талаар ямар нэгэн тэмдэглэгээ хийгээгүй, хичээл хийхгүй үгэнд орохгүй байна" гэх шалтгаанаар биед нь халдсан нь тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйл.Хүүхэдтэй хэрцгий харьцах

2.Энэ гэмт хэргийг багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Ташрамд,  “хүүхэд зодсон багш А.М нь тухайн сурагчийн ээжтэй нэг сургуульд багшилдаг бөгөөд хоёр багшийн хоорондын таагүй харилцааны улмаас нөгөө багшийнхаа хүүхдийг зодсон” гэх мэдээлэл гараад байгаа юм. Мөн тухайн сургуулийн багш нарын групп чат задарсан бөгөөд хүүхэд зодсон багшийг өмөөрч, зодуулсан хүүхдийн эцэг эхийг “сургуулийн нэр хүнд унагалаа хэмээн” буруутгажээ.

Уг асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяр "Архангай аймагт өчигдөр болсон үйл явдал бөгөөд багш нь өөрөө ёс зүйн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөөд өргөдлөө өгчихсөн. Ёс зүйн хороо нь хуралдаад шийдвэрээ гаргасан. Тэр багш өнөөдөр ажлаасаа чөлөөлөгдөж байгаа. Энэ бол ямар шалтгаантай байснаас үл хамааран хамгийн буруу хориотой үйлдэл. Ийм үйлдэл дахин гаргахгүйн тулд бид бүхий л талаар ажиллах болно" гэв.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe