Ирэх оноос ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг зөвшөөрөлгүй зарцуулбал ял шийтгэнэ

Ц.Чимэдцэеэ
2024-12-23

Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс дагаж мөрдөхөөр болсон.

Шинэчлэгдсэн хуулийн дагуу ахмад настанд тохиолддог эдийн засгийн хүчирхийлэл буюу тэтгэвэр, тэтгэмжийг нь зөвшөөрөлгүй зарцуулах, барьцаалж зээл авах, өмч хөрөнгийг нь дур мэдэн зарцуулах, ашиглах, үл хөдлөх хөрөнгийг нь өөрийн нэр дээр авах, байрнаас нь хөөх, хөрөнгөнөөс болж үр хүүхдүүд нь маргаж, сэтгэл санааг нь зовоох зэрэг асуудалд ял шийтгэл ногдуулжээ.

Учир нь дээрх хуультай хамт Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулсан.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1.3-т тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д ахмад настны тэтгэвэр, тэтгэмжээ ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна хэмээн тус тус нэмж заасан байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe