Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганыг аравдугаар сарын 1-нд нээсэн. Чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр дөрвөн асуудал хэлэлцэнэ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 67 гишүүн ирж, 53 хувийн ирц бүрдсэнийг танилцуулснаар өнөөдрийн (2024.10.04) хуралдааныг нээлээ.
Энэ онд манай улсын иргэд анх удаа 126 гишүүнийг сонгож, өөрсдийгөө парламентад төлөөлүүлэхээр итгэл хүлээлгэсэн. 126 гишүүн хууль тогтоох, төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэгтэй. Дээрх чиг үүргээ биелүүлэх үндсэн хэлбэр нь чуулган юм.
Гишүүд ийнхүү 50 гаран хувьтай чуулж, хуралдаанд хариуцлагагүй хандах нь иргэдийг бүрэн төлөөлж чадаж байгаа эсэхэд шүүмжлэл төрүүлж байна.
Хуралдааны тов ёсоор өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэнэ.
- Зарим байнгын хорооны бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл
- Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.09.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/
- Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Сэтгэгдэл үлдээх