Эрчим хүчний реформын хүрээнд Европын сэргэн босголт хөгжлийн банкны удирдлага, төлөөллийг хүлээн авч уулзлаа

.Graph
2025-05-02

Эрчим хүчний реформын хүрээнд Европын сэргэн босголт хөгжлийн банкны удирдлага, төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний реформын үндэсний хорооны гишүүн Б.Найдалаа, Үндэсний хорооны Ажлын алба, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Уур амьсгалын стратеги, хэрэгжилт хариуцсан захирал ноён Жанпиеро Наччи, тус банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ханнес Таккач, Төв Азийг хариуцсан ахлах ажилтан Нургул Есенаманова нар болон төлөөлөгчийн газрын ахлах ажилтан, зөвлөхүүд оролцлоо.

Үндэсний хорооны гишүүн Б.Найдалаа эрчим хүчний салбарын бүтэц, засаглалын шинэчлэлийн асуудлыг удирдан ажиллаж байгаа бөгөөд тус банкны удирдлагуудад эрчим хүчний реформын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар цэвэр, хямд эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг шинэчлэх ажлуудыг эхлүүлээд байгаа талаар мэдээлэл өгч Европын сэргээн босголт хөгжлийн банктай Эрчим хүчний салбарын бүтэц, засаглалыг сайжруулах, Эрчим хүчний шилжилтийн стратеги боловсруулах, Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх, Эрчим хүчний ухаалаг сүлжээг бий болгох, институци, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар хэлэлцэж тохирлоо.

Дашрамд дурдахад Монгол Улсын Улсын Засгийн газар Европын Сэргээн босголт, хөгжлийн банк хооронд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, уур амьсгалын зорилтыг дээшлүүлэхэд хамтран ажиллах санамж бичгийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан бөгөөд санамж бичиг Монгол Улсын засгийн газрыг төлөөлж Шадар сайд Т.Доржханд ЕСБХБ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Юрген Ригтеринк нар гарын үсэг зурсан.

Санамж бичигт Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй нар, салхины эх үүсгүүр болон бүх төрлийн эрчим хүч хуримтлуурын төсөлд дэмжлэг үзүүлэх боломжийг судлах, чадал тохируулгын үүрэг бүхий бага дунд чадалтай усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг техникийн тусламжаар гүйцэтгэх, 300 мегаватт хүртэлх хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүрийг цахилгаан дамжуулах агаарын шугамын хамт барьж байгуулан 2028 онд багтаан ашиглалтад оруулахад 1 тэрбум хүртэлх ам.долларын санхүүжилт хийж хамтран ажиллахаар тусгасан юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe