Х.Баасанжаргал: Дотуур байранд 30 мянга гаран хүүхэд хамрагдаж байна

Ц.Чимэдцэеэ
2025-04-10

“Дотуур байр 2.0” Үндэсний гуравдугаар зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа.

Сурагчид хичээлийн жилд 9 сар буюу жилийн 224-245 хоногт эцэг эх, асран хамгаалагчдаасаа хол дотуур байрны багш, ажилтны асрамжид сурч хөгждөг.

Өнөөдрийг хүртэл нүүдлийн соёл иргэншлээ хадгалан үлдсэн улс орны хувьд энэ онцлогтоо тохирсон боловсролын тогтолцоог бүрдүүлэх хүчин чармайлтын үр дүн болсон дотуур байрыг улам төгөлдөршүүлж, орчин үеийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох шаардлага үүссэн.

2024-2025 оны хичээлийн жилд дотуур байранд нийт 30,838 хүүхэд хамрагдаж байгаагаас 77,5 хувь буюу 23,898 хүүхэд нь малчин өрхийн хүүхэд байна.

Гэвч 5 дотуур байр тутмын 1 нь 1980 оноос өмнө ашиглалтад орсон. 2020 оноос хойш баригдсан 5 дотуур байр тутмын бараг 3-т нь ариун цэврийн өрөө нь эвгүй үнэртэй байгаад зайлшгүй анхаарлаа хандуулах шаардлагатай юм. Энэ нь суралцагчдын эсэн мэнд амьдрах эрхийг зөрчих нөхцөл байдлыг бий болгож байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблейгаас "Хувилбарт асаргаа халамжийн талаарх удирдамжийг" баталсан.

Тус баримт бичгийн дагуу хувилбарт асаргаа халамжид байгаа хүүхдийн аюулгүй байдал, сайн сайхан байдал, хөгжлийг холбогдох байгууллагаар дамжуулан хянах, хүргэж буй асаргаа халамжийн зохист байдлыг тогтмол хянаж үнэлж байх нь төрийн гүйцэтгэх үүрэг байна. Энэ тохиолдолд хүүхдийн аюулгүй байдал, түүний талаар гарах бүх шийдвэр, санаачилга, хандлага-арга зүй нь хүүхдийн дээд ашиг сонирхол, эрхэд суурилах ба үл ялгаварлан гадуурхах, жендэрийн үзэл баримтлалд нийцсэн байх ёстой.

Хувилбарт асаргаа халамж нь хүүхдийг аль болох оршин суугаа газарт нь ойр байрлалд хувилбарт асаргааг зохион байгуулах ёстой бөгөөд хүүхэд гэр бүлтэйгээ холбоотой байж хүүхдийн сайн сайхан байдал хангагдсанаар хүүхдийн боловсрол, соёл, нийгмийн амьдрал тасалдахгүй байх нөхцөл үүснэ. Дотуур байрны үйлчилгээ нь тогтвортой байх ёстой бөгөөд хүүхэд үйлчилгээ үзүүлж буй асран хамгаалагчдаа ээнэгшин дасаж, аюулгүй байх нь гол зорилго байна ХҮҮХДИЙН ЭРХЭМ ЧАНАРЫГ хүндэтгэн үргэлж хүндэтгэлтэй харьцах ба хариуцсан асран хамгаалагч, үе тэнгийнхэн, гуравдагч этгээдийн зүгээс дарамт, үл хайхрал, бүх хэлбэрийн мөлжлөгөөс үр дүнтэй хамгаалагдсан байх нь гол.

Ямар ч хүүхэд аль ч цаг үед хууль ёсны асран хамгаалагчгүй, эсвэл хүлээн зөвшөөрөгдсөн хариуцлагатай насанд хүрэгч, чадавх бүхий төрийн байгууллагын дэмжлэг, хамгаалалгүй байх ёсгүй юм.

Зөвлөгөөнөөр дээрх асуудалд оролцогч талуудын ойлголтыг нэгтгэх, бодлогод дотуур байрыг "ДАХИН ЗАГВАРЧЛАХ" асуудлыг оролцогч талуудын хамт хэлэлцэн, цаашид дотуур байран дахь хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулахын тулд хүүхдийн асрамж халамжийн асуудлыг цогцоор нь өөрчлөх бодлогын шийдлийг боловсруулах, салбар хоорондын зөвшилцөлд хүрэхийг зорьжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe