Ч.Номин: Циркийн бэлтгэл сургуулилт хийх заалны газрыг шийдвэрлэхээр ажиллаж байна

Ж.Номин
2025-04-09

Кино урлагийг дэмжих сан дээр УИХ-аас ажлын хэсэг байгуулагдан хяналт шалгалт хийж, хууль хяналтын байгууллагад шилжүүлэх дүгнэлт хүргүүлсэн. Энэ дагуу хууль хяналтын байгууллага ажиллаж, ашиг сонирхлын зөрчил хэд хэдэн үйлдэл дээр тогтоогдсон байна гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингоос тодрууллаа. 

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар хууль хяналтын байгууллагаас “зөрчил илэрсэн” мэдээлэл надад ирээгүй байна. Кино урлагийн зөвлөл нь өөрийн гэсэн сантай. Уг сангаараа дамжуулан монгол уран бүтээлчдийг олон улсын зах зээлд гаргах, олон улсаас хийж байгаа уран бүтээлийг Монгол Улсад хийлгэн эдийн засгийн эргэлтийг бий болгох зорилттой ажилладаг. Тус зөвлөлийн гишүүд нь мэргэжлийн буюу төрөөс хамааралгүй уран бүтээлчдээс дийлэнх нь бүрддэг. Энэ сан нь төсвөөс санхүүждэг хэдий ч нөгөө талдаа чөлөөт уран бүтээлчид өөрсдөө шийдвэр гаргаж явах олон улсын зохицуулалтын хүрээнд хуулийг нь боловсруулсан. Дэлхийн 190 гаруй улсад ийм зөвлөл байдаг. Олон төрлийн хяналт шалгалт орсон ч миний мэдэж байгаагаар “зөрчилтэй” гэсэн дүгнэлт гараагүй. Кино урлагийг дэмжих сангийн төсвийг анх үүсгэн байгуулахад нь 10 тэрбум төгрөг гэж төсөвлөөд 6 тэрбумыг нь зарцуулчихсан байсан.  Үлдсэн 4 тэрбумын санхүүжилтийг 2025 оны Улсын төсөвт суулгаагүй.

“Алаагүй баавгайн арьсаа хэд хувааж идэв” гэдэг шиг хэдхэн төгрөг тавьчхаад тэрийгээ уран бүтээлчдэд зориулаад хэрэгжүүлэх гэхээр улс төрийн шалтгаанаар тал талаас нь дарамталсаар байгаад төсөвгүй болгочихсон гэв.

Ч.Номин сайд мөн олон улсын кино наадмуудад ямар шалгуураар бүтээл илгээдэг талаар хариул өгсөн юм. Тодруулбал, “Хүсэлт тавиагүй киног кино наадамд явуулахгүй шүү дээ. Хүсэлт тавьсан кинонуудаас тухайн зөвлөлд байгаа 11 гишүүний гаргаж байгаа дүгнэлтээр кино наадмууд руу явуулдаг. Тэр 11 хүний шийдвэрт бид хөндлөнгөөс нөлөөлдөггүй. Тиймээс аль болох төрийн шийдвэрээс гадна яг олон улсын стандартаар нь энэ салбарт ажиллаж байгаа найруулагч, продюсер, уран бүтээлчдийн дундаас гарсан шийдвэрийг үндэслэн буюу мэргэжлийн шийдвэрийг үндэслэн аливаа уран бүтээлийг олон улсын зах зээлд гаргаж, дэмжлэг үзүүлэх боломжуудыг бий болгодог. Харин олон улсын фестиваль наадмуудын үеэр болдог яармаг худалдаанд оролцох боломж нь бүх кино урлагийнханд нээлттэй. Харин ч улсаас тухайн павильоных нь зардлыг гаргаж өгдөг. Тэр павильонд уран бүтээлчид өөрсдийнхөө кино, бүтээлийг сурталчлах нь нээлттэй байдаг. Яамны зүгээс зөвлөлөөс гарсан шийдвэрийг санхүүжүүлж, хяналт тавьдаг гэдгийг хэлье. Өнөөдрийн байдлаар хуулийн байгууллагаас шийдвэр гарлаа гэсэн мэдэгдэл ирээгүй байна гэв.

Мөн циркийг циркийн зориулалтаар нь ажиллуулахгүй байна гэх шүүмжид тайлбар хийв. 

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин: 

- Аса цирк анх циркийн барилгыг авахдаа 2 жилийн хугацаатай менежментийн гэрээгээр авсан. Менежментийн гэрээгээ дүгнүүлээд, хангалттай хийсэн гэж үзсэн учир Монгол Улсын Өмчийн тухай хуулиар 1.5 тэрбум төгрөг төлж, хувьчилсан. Хэдий хувийн өмч болсон ч бид АСА цирктэй тогтмол харилцаатай байж, циркийн чиглэлээр нь үйл ажиллагаа явуулах чиглэлийг өгч байгаа.

Гэхдээ цирк гэдэг зүйл ганцхан дугуй тайзаар хязгаарлагдахаа больсон. Хавтгай тайзан дээр ч тоглох боломжтой.

Гэхдээ Соёлын яамнаас циркийн салбарыг хаяж байгаа гэсэн үг биш. Бид 2025 онд циркийн урлагтай хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг гэрээг байгуулж, үүний хүрээнд бэлтгэл сургуулилт хийх заалны газрыг яамнаас шийдвэрлэхээр НЗДТГ-тай хамтарч ажиллаж байна. Одоогоор Чингэлтэй дүүргийн Сэлбэ голын орчимд байх болов уу гэсэн тооцоололтой байгаа.

Мөн томоохон тэмцээн уралдаанд ороход нь байнга дэмжлэг үзүүлдэг болж байна. Цаашлаад циркийн салбарын хүний нөөцийг бэлтгэх асуудал дээр боловсролын салбартай хамтран ажиллаж байгаа. Циркийн салбар хувийн хэвшлийн зарчмаар, зах зээлийн эргэлтийг бий болгодог бүтээлч үйлдвэрлэлийн нэг. 

Сэтгэгдэл үлдээх

цирк бас улсынх юму тгл өөдөлдгү бхн

энх

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe