АХБ: Эрчим хүч, нийтийн тээвэр, махны үнэ өссөнөөс үүдэн 2025 онд инфляц өснө

Ж.Номин
2025-04-09

Азийн хөгжлийн банкнаас “Азийн хөгжлийн төлөв 2025” тайлан болон Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл, цаашдын төлөвийг танилцууллаа. 

ДНБ-ийн өсөлт 2023 онд 7.4 хувь байсан бол 2024 онд 4.9 хувь болж буурсан ч энэ нь хөдөө аж ахуйн салбарын агшилтаас хамаарсан бууралт гэж харж байгаа. Хэрэв хөдөө аж ахуйн салбарт агшилт үүсээгүй бол 2024 оны эдийн засаг өмнөх онтой ижил буюу үүнээс өндөр түшинд байхаар байсан гэж үзэж байна. 

Ирэх 2025 онд эдийн засгийн өсөлт 6.6 хувь, 2026 онд 5.9 хувьтай байхаар төсөөлжээ.

Үүнд уул уурхай, үйлчилгээний салбарын өсөлтүүд, ялангуяа Оюутолгойн гүний уурхайн олборлолт, үйлдвэрлэлт чухал нөлөөтэй гэж харж байгаа аж. Харин 2025 онд инфляц өсөх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл, 2025 онд жилийн дундаж инфляц 9.1 хувь, 2026 онд 7 хувь байх төлөвтэй байна. Эдийн засгийн өсөлтийг эергээр харж байгаа ч өсөлтөд сөргөөр нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл байгааг онцоллоо. Үүнд: 

  1. Түүхий эдийн үнийн бууралт
  2. Инфляцын дарамт
  3. Худалдааны зөрчлөөс эдийн засагт үзүүлэх дам нөлөөлөл зэрэг орно. 

2024 онд уул уурхайн салбар өндөр өсөлттэй буюу 10.8 хувиар өссөн нь ДНБ-ийн өсөлтөд 1.4 нэгж хувийг бүрдүүлж байна. Харин үйлчилгээний салбар 9.8 хувиар өсөж, ДНБ-ийн өсөлтөд 4.8 нэгж хувийг бүрдүүлжээ. 

Хөдөө аж ахуйн салбар 2023, 2024 оны зудын улмаас 28.7 хувиар агшсан бөгөөд хоёр жил дараалсан агшилтаас үүдэн тус салбар 2024 оны эдийн засгийн өсөлтөөс 3.6 нэгж хувийг бууруулсан байна. 

Мөн өнгөрсөн 2024 он нь дотоодын хэрэглээ өндөр байсан жил байлаа. Цалин, татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор өрхийн хэрэглээ өсөж, Засгийн газрын хэрэглээ ч өссөн байна. Тодруулбал,  нийт төсвийн зардал 2024 онд 35 хувиар өссөн бөгөөд үүн дотор хөрөнгийн зардал 50 хувиар нэмэгджээ. 

Цэвэр экспорт буюу экспорт, импортын зөрүү эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн. Учир нь  импорт 17.7 хувиар өссөн байхад экспорт 0.7 хувиар өсжээ. 

2024 онд  валютын ханш харьцангуй тогтвортой байсан бөгөөд гадаад валютын нөөц 4 сарын импорттой тэнцэж байгаа юм. Цаашид ГВАН-ийн хэмжээ уул уурхайн экспортын орлого болон томоохон төслүүдийн санхүүжилт хөрөнгө оруулалтаас хамаарна гэв. 

Дэд бүтцийн төслүүдийн хэрэгжилтээс хамааран импорт нэмэгдэх хүлээлттэй байгаагаас үүдэн ханшид дарамт үүсэх магадлалтай байна. 2024 онд зээл олголт 35.5 хувиар буюу эрчимтэй өссөн. Үүнээс хэрэглээний зээл болон бизнесийн зээл өссөн байна. Чанаргүй зээлийн хувь 2017 онд 7 хувь байсан бол 5.1 хувь болж буурчээ. 

Мөнгөний бодлогын чангаралт 2025 онд зээлийн өсөлт, тэр дундаа хэрэглээний зээлийн өсөлтийг сааруулах төлөвтэй байна.  

Төлбөрийн тэнцэл 2023 онд бага зэргийн ашигтай байсан бол 2024 онд 9.3 хувийн алдагдалтай гарсан. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогоос хамаарч барааны данс ашигтай байсан ч импортын өсөлт нь экспортын өсөлтөөс өндөр байсантай  холбоотой аж. 

Мөн барааны импорт 26 хувиар нэмэгдсэн байхад экспорт 6 хувиар буурсан зөрүүнээс үүдэн урсгал данс алдагдалтай гарсан. 

2025, 2026 онд Монгол улсын эдийн засгийн өсөлтийг АХБ-аас үргэлжилнэ гэж үзжээ. 

Өөрөөр хэлбэл, ДНБ 2025 онд 6.6 хувь, 2026 онд 5.9 хувиар өснө гэж үзэв.  Үүнд, Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн үр өгөөж, дэд бүтцийн төслүүдэд оруулах хөрөнгө оруулалт, үйлчилгээний салбарын өсөлт нөлөөлнө.  Энэ байдал 2026 онд ижил байдлаар үргэлжилнэ гэж дүгнэжээ. 

Харин инфляц харьцангуй өндөр байхаар төсөөлөгджээ. Жилийн дундаж инфляц 2025 онд 9.1 хувь, 2026 онд 7 хувь байхаар байна. 

Үүнд, эрчим хүчний үнэ, нийтийн тээврийн үнэ өссөн, малын тоо толгой хорогдсонтой холбоотойгоор махны үнэ өсөж ханшийн дарамт үүсэн тул инфляц ийн өснө гэж дүгнэсэн байна. Харин хөдөө аж ахуйн салбар аажмаар сэргэнэ гэв. 

Уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдсэнээр экспорт өсөх төлөвтэй байна. Харин хөрөнгө оруулалтын төслүүдэд шаардагдах үндсэн тоног төхөөрөмж, бараа материал зэрэг импортын өсөлт буурахгүй хэвээр байх хүлээлттэй.

Барааны худалдааны тэнцэл ашигтай хэвээр байх боловч үйлчилгээний худалдааны алдагдал, орлогын гадагшлах урсгалын улмаас урсгал данс алдагдалтай хэвээр байх төлөвтэй байна.

Төсөөллийг бууруулж болзошгүй эрсдлүүд нь түүхий эдийн үнэ унах, нүүрсний эрэлт буурах, хөдөө аж ахуйн салбарт сөргөөр нөлөөлж болзошгүй байгаль цаг уурын эрсдэл, инфляц тооцоолсноос илүү нэмэгдсэнээр мөнгөний хатуу бодлого баримталж эхлэх зэрэг болно. Харин уул уурхайн салбарын үйлдвэрлэл, тэр дундаа зэсийн олборлолт төсөөлж байснаас хурдан нэмэгдэх нь эдийн засгийг төсөөллийг өсгөх магадлалтай.

Өсөлтийн энэхүү төсөөллийг 4-р сарын 2-нд АНУ-ын засгийн газраас шинэ тариф тогтоож буйгаа зарлахаас өмнө тооцсон тул суурь төсөөлөлд зөвхөн хуучин мөрдөгдөж байсан тарифуудыг тусгасан. Гэсэн хэдий ч Азийн хөгжлийн төлөв тайланд тариф нэмэгдсэнээр Ази, Номхон далайн бүс нутгийн өсөлт хэрхэн өөрчлөгдөж болох талаарх дүн шинжилгээг мөн багтаажээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe