Хяналтын шатны захиргааны хэргийн танхим нэр бүхийн 14 компанийн гомдлыг энэ даваа гарагт (2025.02.03) хэлэлцэн шийдвэрлэлээ.
Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь заалтад экспортод гаргаж буй хайлуур жоншны АМНАТ тооцох борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох зах зээлийн үнийн эх сурвалжийг дурдсан байжээ.
Ингэхдээ БНХАУ-ын www.indmin.com цахим хуудаст байршсан олон улсын худалдааны /International Commercial Terms/ FOB /free on board/ нөхцөлөөр зарлагдсан үнэ байхаар тогтоосон нь маргаан дагуулсан байна.
Учир нь дээрх зохицуулалт нь аж ахуй нэгжүүд гадаадад экспортолсон жоншны үнээс хэт давсан суурь үнэлгээгээр тооцсон татварын өр, дарамтад орж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн хэмээн нэхэмжлэлд дурдсан.
Ийнхүү Дээд шүүхээс тус хэргийг захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим болох “зорилгодоо нийцсэн”, “бодит нөхцөлд тохирсон”, “үндэслэл бүхий” буюу “харьцангуй байх” хяналт-шинжилгээ үнэлгээний журмаар тогтоосон эсэх нь эргэлзээтэй.
Харин нэхэмжлэгч нар болон бусад эрх ашиг нь хөндөгдөж буй бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг хийх, оролцогчийг сонсох, сонгох боломжийг зөв хэрэгжүүлэх замаар хэм хэмжээний актыг дахин батлан гаргах боломжтой тул маргаан бүхий актыг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Ийнхүү Засгийн газрын дээрх зохицуулалт нь 6 сарын турш хүчингүй байх ба энэ хугацаанд аж ахуй нэгжүүд хайлуур жоншны экспортод АМНАТ төлөхгүй байх боломж нээгдэж буй юм. Харин Засгийн газрын хувьд дээрх хугацаанд Дээд шүүхийн заасан нөхцөлийг хангаж, холбогдох зохицуулалтыг дахин батлах шаардлагатай.
Дашрамд дурдахад, хайлуур жоншны зах зээлийн үнэ нь бусад ашигт малтмалаас харьцангуй хямд байдаг аж.
Эх сурвалж: Монгол Улсын дээд шүүх
Сэтгэгдэл үлдээх