УИХ-ын даргын ивээл дор “Ахмадын үндэсний чуулган”-ыг өнөөдөр буюу нэгдүгээр сарын 8-нд Төрийн ордонд зохион байгуулжээ. Чуулганд 900 орчим ахмад настан оролцсон бөгөөд энэ үеэр танилцуулсан онцлох статистикуудыг хүргэж байна.
2023 оны байдлаар манай улсын нийт хүн амын 10.1 хувь буюу 385.3 мянга нь ахмад настан байна.
Дундаж тэтгэврийн хэмжээ 2016 онд 285.2 мянган төгрөг байсан бол 2025 оны 01 сарын 01-ний өдрийн байдлаар 848.0 мянган төгрөг болжээ.
Тэтгэвэр авах хүний тоо 2016 онд 376.5 мянга байсан бол 2024 оны байдлаар 499.2 мянга буюу бараг хагас саяд хүрээд байна. Үүнийг дагаад тэтгэвэрт зарцуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн бөгөөд 2025 онд 5.4 их наяд төгрөгийг төсөвлөж баталсан юм. Учир нь энэ онд инфляцын түвшинтэй холбогдуулж тэтгэврийг 6 хувь нэмсэн билээ.
Статистикийн мэдээллээр манай орны хөдөлмөрийн насны иргэд ба ахмад настны тооны харьцаа одоогоор 10:1 байна. 2040 он гэхэд 4:1 болж, ажиллах хүчний насжилт эрчимтэйгээр нэмэгдэх тооцоолол бий.
2024 оны байдлаар 55-69 насны эмэгтэй 203.779, 60-69 насны эрэгтэй 83.336 байна. Тэдний ихэнх нь хөдөлмөрийн чадвартай, ажлын туршлагатай. Иймд хөдөлмөрийн зах зээлд хүний нөөцийн хомсдол үүссэн энэ цаг үед ахмадуудын хувь нэмэр нэн чухал юм. Судалгаагаар 87.8 мянга буюу нийт ахмад настны 22.8 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа гэдэг мэдээлэл байна.
Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад 2024 онд 651 нэр төрлийн эм байсан бөгөөд үүнд 37.0 тэрбум төгрөг зарцуулсан бол 2025 онд 825 нэр төрлийн эмийг жагсааж, 171.0 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.
Ташрамд, энэ удаагийн парламентын хамгийн ахмад настай гишүүн Д.Рэгдэлээр ахлуулсан “Ахмад настны оролцоог дэмжих” бүлэг байгуулагдан ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх