Иргэдийн төлөөлөл 11 сарын 25-нд petition.parliament.mn сайтаар дамжуулан “Утааны сонсгол”-ыг зохион байгуулж, “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” болон бусад холбогдох үйл ажиллагааны төсөв, гүйцэтгэл, үүний ил тод байдалд үнэлгээ хийж, цаашид хэрэгжих төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг сайжруулахыг шаардаж иргэдийн гарын үсгийг цахимаар цуглуулж эхэлсэн. Өдгөө тус цахим өргөдөлд 6700 гаруй хүн дэмжин, нэгдээд байгаа юм.
Тэгвэл яг одоо Сүхбаатарын талбай дээр Ч.Ганжавхлан нарын иргэд утааны эсрэг “Амьсгалмаар байна” тайван жагсаалыг хийж байна.
Иргэн Ч.Ганжавхлан “Бид төр засгаас “та нарт төлөвлөгөө байна уу” гэж асуумаар байна. 4 жилийн дараа, 8 жилийн дараа энэ хотын утаа ямар байх вэ? Урьдчилж харсан төлөвлөгөө байна уу? Бидэнд өгөх итгэл найдварын гэрэл байна уу? Байхгүй бол бид үр хүүхдээ бодмоор байна. Хөдөө орон нутаг руу шилжин суурьшсан ч яах вэ. 30 хоногийн дотор богино хугацааны төлөвлөгөө гаргаж, урт хугацааны шийдэл боловсруул гэсэн шаардлагаар өнөөдөр энд цугларлаа.
Би өнөөдөр “ханиад, хатгаа тусаад эмнэлгийн коридорт хэвтэж байгаа зургаа оруулаарай” гээд пост хийхэд 40 минутын дотор 1200 эцэг эх бодит нөхцөл байдлын зургаа оруулсан байна.
Энэ бол бодит баримт. Тэр комментуудыг хараад л шууд талбай дээр гараад ирлээ. Энд өөр ямар нэгэн байдлаар зохион байгуулалттай юм байхгүй. Би яг иргэн хүнийхээ хувиар сошиалаар биш гудамжинд гараад дугармаар байна гээд энд зогсож байна. Энэ хүмүүс ч гэсэн сайн дураараа цуглаж байна.
12 сардаа утааны асуудлыг тууштай яриад, нэг талдаа гармаар байна. Өнгөрсөн хугацаанд утааны эсрэг зарцуулахаар том том дүнтэй төсөв баталсан. Тэгвэл яг хэчнээн төгрөгийг утааны эсрэг зарцуулсан бэ? Ямар үр дүн гарсан бэ? гэдгээр сонсгол хийх хэрэгтэй. Сонсголоо хийхдээ хойд бүсийн гэр хорооллоос хотоо харуулж байгаад, иргэдийн төлөөллийг оролцуулж хийх хэрэгтэй.
Зүгээр хэдэн дарга нар бие биедээ тайлан тавиад, бид нар тэрийг нь сонсоод суумааргүй байна.
Тиймээс иргэд, эцэг эхчүүдийн төлөөллийг оруулж, гэр хорооллоос сонсголоо хийх хэрэгтэй.
Хамгийн их бохирдолтой хотуудыг тэргүүлсэн Энэтхэгийн New Delhi хот онц байдал зарлачихсан байна. Улаанбаатар хот агаарын бохирдлын үзүүлэлтээрээ дэлхийн хотуудаас эхний 5-д орж байна. Гэтэл Улаанбаатар хотын утаа онц байдал зарлахаар хэмжээнд ирчихсэн байгааг яагаад ойлгохгүй байгаа юм бэ?
ХӨСҮТ-ийн дэд захирал О.Батбаяр “Агаарын бохирдлоос болж ураг амьгүй болж, дөнгөж төрсөн нярай жингийн дутагдал, аутизмын шинж тэмдэгтэй, хүүхэд насанд хүрэгчид уушгины үрэвсэл, тархины хүчилтөрөгчийн дутагдал, дархлаа сулрах, уур уцаартай болох тэнэгрэх зэрэг шинж тэмдгүүд илэрч байна” гэж мэдээлсэн байна лээ.
Мэргэжлийн хүн нь ингэж хэлж байхад яагаад зүгээр суугаад байгаа юм бэ? Түлшинд асуудал байгаа бол зүгээр ил тод гарч ирээд ярьчих. Ямар бүтэцтэй, ямар технологитой түлш юм, бид яаж өөрсдийгөө хамгаалах ёстой юм бэ гэдгээ мэргэжилтнүүд нь, дарга нар нь гарч ирээд өөр өөрсдийнхөө өнцгөөс ярьчих хэрэгтэй.
Утааны сэдвийг 12 сарын сэдэв болгоё гэж иргэддээ уриалмаар байна. Заавал энэ хүйтэнд гарч ирж жагсахгүйгээр байгаа байгаа газраасаа цахимаар гарын үсгээ зураад, сонсгол хийх хүсэлтэд нэгдээсэй гэж хүсэж байна” гэв.
БОАЖ-ын сайд асан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тус жагсаалын үеэр “Утаатай тэмцэх богино хугацааны шийдэл бол өнөөдрийн хэрэглэж байгаа сайжруулсан түлш. Дунд хугацаандаа хагас коксжуулсан түлш рүү шилжих ёстой. Харин урт хугацаандаа эрчим хүч буюу оронсууцжуулалт. Хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой. Утааны асуудал дээр нийтийн сонсгол хийх ёстой. Энэ жагсаалыг дэмжиж байгаа” гэсэн юм.
Иргэд та бүхэн утааны сонсгол хийхийг дэмжиж байвал https://petition.parliament.mn/Detail?id=30fdf9a3-199a-4042-85ad-18d796762a3d сайтаар орж, цахимаар гарын үсгээ өгөөрэй.
Сэтгэгдэл үлдээх